" Монгол адуу " түүхээс

Монгол адууны гарал үүсэл

Евро-Азийг бүрхэн бэлчээрлэж, эх газрын цэрэг аян дайн, өртөөний замаар хэрэн сүлжиж байсан Монгол үүлдрийн адуу зөвхөн Монгол улс, БНХАУ-ын Өвөр Монголд цэвэр цусаа хадгалан үлдэж хоцорчээ.

Монгол үүлдрийн адууны гарал үүсэл, эх газрын хэмжээний тархалт, генофондын талаар хийгдсэн томоохон судалгааны ажлуудад 1870-аад онд явагдсан Н.М. Пржевальский, Г.Н. Потанин зэрэг судлаачдын аялал, 1900, 1920-иод онд хийгдэж байсан АНУ-ын Г.Ф. Осборн, В.Д.Мэтью, Ч.Д. Эндрюс нарын удирдсан Төв Азийг судлах экспедиц, 1930-аад онд явуулсан ЗХУ-ын мал аж ахуйн экспедицид оролцсон Б. Ф. Румянцев, Б. П. Войтяцкий нарын судалгааны үр дүнг дурдаж болох байна.

“…1924 онд Ч. Р. Эндрюсийн төв Азийг судлах явцдаа Монголын говиос адууны өвөг үлэмж биетэн “мезонхид-кондилаторыг олж, энэ таван салаа хуруутай амьтан бол бүх салаа ба битүү туурайтны анх үүссэн өвөг мөн гэж тогтоосон, Г. Ф. Осборн “… 3, 4 хуруут өвөг адууны араг яс Европоос олдсон боловч таван сарвуутай нь илрээгүй учраас орчин үеийн дээд хөгжилт сүүн тэжээлт амьтан төв Азийн говьд анх бий болоод дөрвөн хуруутай болж тав дахь хуруугаа эх нутагтаа гэгээд тарахжээ…” гэж үзсэн зэргийг мэдээллэжээ.

Эдгээр судалгаанд үндэслэн Төв азийн өндөрлөг хэсэгт хөлийн сарвуундаа таван хуруутай нэн эртний адууны өвөг “адуухан” үүсэж бий болоод ертөнцийн зүг бүр тийш тархан нүүдэллэсэн, тав дахь хурууны үлдэгдэл нь зөвхөн Монгол адууны дөрвөн мөчинд тодоор илэрдэг “эмгэнтуурай” болох таамаглалыг судлаачид дэвшүүлсэн байдаг.

Монгол адууны генофонд, тархалтыг судалж, богино махлаг хүзүүтэй, бүдүүн гэдэстэй, бахим хөлтэй, том толгойтой, сахлаг үстэй Монгол хэв шинжийн адуу Сибирийг нэвтэлж, Скандинавын зүгт тархаж вятка, жмудка, болон сибирийн адуунд, дорнод Европ тийш тарапан, дунд бага Ази уруу казах, киргиз, туркмен адуун, тухайлбал ахал-тэх, араб үүлдэрт, зүүн хойд зүгт тундрын якут цагаан адуунд, зүүн өмнө зүгт Солонгосын Чэжу арлын “жоран мали” хэмээх адуунд, Энэтхэг-Хятадын хойг, Малайзын адуунд хүртэл цусаа шингээсэн гэж үзжээ.

Анхаарал татсан нэг зүйл нь ЗХУ-ын 1984 оны Коневодство сурах бичигт оруулсан “…Пржевальскийн адуу нь гэрийн адууны зэрлэг өвөг гэсэн санал байдаг ч Төв Азийн адууны бие даасан салаа мөчрөөр тооцох гэснийгээ В. Громов, Б.Ф. Румянцева, Б. П. Войтяцкий нарынсудалгаагаар нотолж чадаагүй …” гэсэн (К. Б. Свечин, И.Ф. Бобылев, Б. М. Гопка 1984 он) дүгнэлтийг судалгааны эх баримтаас нягтлан судалж үзсэн явдал юм. 1931 онд Монголын мал аж ахуйг судласан ЗХУ-ын ШУА-ын Монголын экспедицийн баримтыг нарийвчлан судалж, Б. Ф. Румянцев, Б. П. Войтяцкий зэрэг залуу эрдэмтэдийн “… Монгол адууны биеийн хэмжээ, цогцос галбирын индексийг тодорхойлж, адууны үндсэн хоёр хэвшил “ROBOSTUS”, “PARBUS” –тай харьцуулаад биеэ даасан өвөрмөц ялгаа бүхий “Монгол хэв шинжийн адуу” болохыг хүлээн зөвшөөрөх санал дэвшүүлснийг ойшоолгүй няцаасан, Монгол адууны гавлын ясны индекс тахитай бус тарапантай ойролцоо болох зэргийг тогтоогоод тахь Монгол адуу хоёр бол гарал үүслийн хувьд ижил салаа мөчир гэж үзэж…” байсан сонирхолтой баримтуудыг шинээр судалгааны эргэлтэд оруулсан юм. Тэдний нээлтийг баталгаажуулж, хожмын палентологийн малталгын шинэ олдворууд, архелогчдийн дүгнэлттэй харьцуулан үзээд “Монгол хэв шинжийн адуу” хэмээсэн томъёоллыг баталгаажуулж, тахитай дээд гарвалын ойролцоо ихэр салаа мөчир буюу Монгол хэв шинжийн зэрлэг адуу нь хулангын бэлчээр нутаг умар, өмнөөс нийлэх тэр заагт тэдний дундаж бэлгийг илтгэсэн тахь гөрөөс үүсэж, мөхсөн сонирхолтой эволюцийн таамаглалыг хийсэн юм.

Монголд тахь байдаг тухай бүдэг мэдээ Европод 1812 онд хүрсэн гэж үздэг байна. Энэ мэдээгбодитой болохыг 1870-1873 онд Пржевальский мэдсэн хийгээд 1876 онд И.П. Котельниковын Ховдоор дамжин өнгөрсөн тэмдэглэлээс говьд зэрлэг адуу байна гэдгийг анх удаа баталж , Г.Н. Потанин дэлхий нийтэд мэдээллэсэн гэж үздэг аж. Харин 1878 онд Н.М. Пржевальский Тахийн шар нуруу орчимоос Киргиз анчны агнасан зэрлэг адууны арьс, толгойн ясыг хийлийн харуулын захирагч А.Х. Тихоновоос бэлгэнд хүлээн авч, Петербургийн амьтан судлаач И.С. Поляковт өгснийг гэрийн адуу, тарпан, хулан, илжиг гэх мэт битүү туурайтны багийн 22 зүйлтэй харьцуулан судлаад биеийн ерөнхий бүтэц, биологи , экологийн хувьд бие даасан зүйл болохыг нотолж, 1881 онд анх “Пржевальскийн адуу” хэмээн дэлхий нийтэд мэдээллэчихснийг дурьджээ.Гэтэл хэрэг дээрээ тахийг Азид тэр дундаа Монголчууд аль эртний мэддэг, тэнгэр, бурханы хүлэг гэж хүндэтгэн шүтдэг, тахих шүтэх гэсэн нэрийн улбаатай гэгдэх ажээ. 11 дүгээр зуунд Төвдийн Бодовагийн зохиосон “Эрдэнэ цогцолсон үлгэрийн ном” –оос 19 дүгээр зуунд Монгол хөрвүүлэгч Лувсанбалдан орчуулан дэлгэрүүлэхдээ “жан” гэсэн түвд үгийг тахь хэмээн тотгосныг 1877 онд Номтын Рэнцэн буюу Сумды Раднаагийн Төвд-Монгол тольд “жан”-г мөн “тахь” хэмээн батлан тайлбарласан байдаг аж. 1635 онд Халхын Эрэвгэр Сэцэн хан Шолой тахь барж Манжийн хаанд бэлэглэсэн Тамгын бичиг, Монгол Хотон аймгийн ван, гүнгүүдийн илтгэл шастир дотор 1637 онд Манжийн хаан тахь бариулахаар элч илгээсэн тухай тэмдэглэсэн, 1771 оны Манж үгсийн гучин зургаатын тайлбар толь бичигт “тахь бол гөрөөсний аймагт багтах хээрийн зэрлэг адуу” гэжбичсэн байдаг зэрэг нь түүний нэг зүйл зэрлэг амьтан мөн болохыг эртнээс гэрчлэн байсны иш үндэс ажээ.

Тарпан, тахийг ойролцоо зарим шинжээр В. Г. Гептнер адууны нэг зүйл, М. Төмөржав, Н. Эрдэнэцогт нар гарал үүслийн хувьд ойрмогхон ч ялгаатай, тарпан нь зэрлэг адууны хоёрдогч хэлбэр, тахь гэрийн адуу хоёрын завсарын амьтан гэж үзжээ. Судалгааны баримтуудаас шүүн үзвээс тахийг Монгол үүлдрийн адууны шууд дээд өвөг гэдгийг нотолсон дүгнэлтүүд тааралдахгүй байна. Монгол үүлдрийн адууны биологи, экологи, этологийн болон аж ахуйн олон өвөрмөц шинж бэлгийг дэлхийн бусад үүлдрийн адуунд илэрдэггүй буюу өнөө үед устаж алга болсон гэж үзсэн байна. Монгол адуу үрсэн төлсөх, эхсэх, ижилсэн сүрэглэх, биесээ хажиглах, нутгаа санагалзах, бэлчээр нутгаа сонгон нутагшин зохицох, алсаас эх нутаг уруугаа эгэж гүйх, байгаль, цаг агаарын огцом өөрчлөлтийг урьдчилан мэдэрч нөмрөх аюулаас дайжин зайлах, азарга нь тодорхой тооны гүү хураах, өөрийн охин үр төл, илүү байдас, үрээ, гүүг сүргээс хасах, сүргээ дайснаас хамгаалж тэмцэх, морьдоо хөөх, мөн дагуулах, унаган эзнээ таних, элдэв нарийн эдэлгээ, зан ааль сурах зэрэг араншинг үзүүлдэг зэргийг нийтэлсэн байна.

Монгол үүлдрийн адууны доторх хурдан хэвшилт Сэцэнхан, Их шавийн хурдан хүлгүүд, Галшар, Орлой, Шанхайн хэцийн, Ширээтийн цагаан адуу, Баньд, Тайж, Дулаан угшил, Жаргалант удам, Зэлтэр, Дархадын цагаан, Тувагийн Дээд Енисейн үүлдрийн хэсэг, Тэсийн голын болон Элсний далбагар туурайт адуу, мянгад, боржигон, үзэмчин, барга, урианхай омгийн адуу зэргийн гарал үүсэл, хурдлах чадавхийг тоймлон Монголын судлаачид судалсан байдаг.

0 Сэтгэгдэл:

Post a Comment

 
back to top